Thursday, September 10, 2015

Жиглэгийн даваа


Ланд Круйзер гэхээр надад аялал гэсэн бодол шууд орж ирдэг юм. Сайхан аялал гэж юуг хэлэх вэ? өөрөө газар үзээд өнгөрөх үү? эсвэл тэмдэглэл бичиж, гоё сайхан зургууд уу? хүн бүр янз бүрээр хэлэх байх. Миний санаанаас огт гардаггүй ёстой нүдэнд харагдаж сэтгэлд хоногштол бичсэн нэг тэмдэглэлийг эзнийх нь зөвшөөрлөөр та бүхэнд хүргэх гэж байна. Анх уншаад энэ хүнтэй танилцаж, уулзаж ярих юмсан гэж их боддог байлаа. Монголын Ланд Круйзер Клуб-д гишүүнээр ороод хэд хэдэн аялалд орж олон сайхан найзуудтай болсон бөгөөд хэдэн сарын дараа энэ тэмдэглэлийг бичсэн хүн нь манай клубын тэргүүн болохыг мэдэж билээ. Хобби нэгтэй аялагч бид хаа ч явсан бие биенээ олоод нөхөрлөх юм даа гэж бодож билээ. Ингээд уг тэмдэглэлийг та бүхэндээ Наранбаатарынхаа тэмдэглэлийг бүрэн эхээр нь хүргэе.



2013-7-11-ны өглөө эртлэн босч 2 машинтай хүүхэд, хөгшид нийлсэн 15 хүн Улаанбаатараас Архангай аймгийн Өгийнуурыг зорилоо. Замаараа Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших Хун тайжийн балгасыг үзэв.
2013-7-12- нд Өгийнуураас аажуу хөдөлж Хөвсгөл аймгийн төв Мөрөнд 1 хоноод маргааш нь буюу 13-нд Хатгал суманд очиж Хөвсгөл далайн эрэгт жуулчны баазад 2 хоног тааваараа сайхан амарсан юм.
Бид Хөвсгөл аймгийн Хатгал, Цагаан-Уул, Баянзүрх, улмаар Дархадын хотгор буюу Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур сумдыг үзэж Тэнгис-Шишгэд голын бэлчирт очиж амраад буцах төлөвлөгөөтэй байв. Харин Мөрөнд нэгэн танилтайгаа яриа дэлгэн суух зуураа аялалын маршрутанд өөрчлөлт оруулахуйц мэдээлэл дүү бид 2-ын анхаарлыг татсан юм.Энэ нь ЖИГЛЭГ гэгч айхтар давааны тухай байлаа
(Жиглэгийн даваа нь далайн түвшинээс дээш 1926.3 метрийн өндөрт өргөгдсөн.
Х координат 100° 9' 41.910" E
Ү координат 51° 1' 14.359" N
Дархадын хотгорын зүүн урдуур орших Хорьдол Сарьдагийн нурууны салбар уул болох Жиглэг уулын даваа)
Тэрхүү танилаасаа Хөвсгөл далайгаа хөвөөлж явсаар Ханх орох боломжтой эсэхийг асууснаас бүх зүйл эхлэсэн юм.
”Авто замын газрын зураг дээр Хөвсгөл далайн баруун эргээр нэгэн зам явсаар байгаад Ханх орчихсон байна, энэ үнэн үү? “ гэхэд танил маань “Хөвсгөл далайн баруун эргээр тэхий дунд нь хүртэл яваад зам дуусна.Харин тэндээсээ баруун тийшээ Жиглэгийн даваа даваад Рэнчинлхүмбэ орж болдог юм гэнэлээ. 2, 3 жилийн өмнө бартаат зам сонирхдог хүмүүс машинтай давж байсан гэж хүмүүс ярьдаг.Та нар Хатгалд очоод нутгийнх нь хүмүүсээс сайн асуугаарай” гэлээ.
Дархадын хотгор тийш 200-300 км явж очоод очсон замаараа буцах байсан бидэнд Жиглэгээр давбал 60-д км явж очоод буцахдаа үзэхээр төлөвлөсөн газруудаараа аялах нь нэг замаараа дахин явахгүй илүү сонирхолтой санагдав.
Ингээд бид Хатгалд болон цаана байрлаж байсан жуулчны баазад байх хугацаандаа нутгийн олон хүмүүстэй уулзаж асуусан боловч бүгд л “Жиглэгээр явж үзээгүй…,наанаасаа машин давах боломжгүй…,цаанаасаа Рэнчинлхүмбэ талаасаа мотоцикль,УАЗ-469-тэй нутгийнхан л давдаг,Мотоциклтэй хүний энгэр битүү шавар болж ирдэг…,хамгийн сүүлд Аяллын цаг нэвтрүүлэг хийхээр Бадамсамбуу сэтгүүлч НИССАН-ТУР-ын ПАТРОЛ-уудтай 3 жилийн өмнө 2010 онд давсан,тэр олон хүчтэй машин хонон өнжин байж гарсан юм гэдэг шүү…” гэцгээж байлаа.Ер нь олон хүнтэй уулзахад бүгд л Жиглэгийн даваа гэж мэдэж байвч давж үзсэн хүн огт тааралдахгүй байв.
Харин нэг настайвтар ах гуай “Дээшээ өгсөөд хамгийн сүүлчийн бааз болох хилийн цэргийн Харуул занги баазад ажилладаг Рэнчинлхүмбийн хүмүүсийг сураглаад уулзаарай, тэд нар л давж болох эсэхийг хэлнэ” гэснээр бид явах өдрөө замаараа дайрч асуугаад болно гэвэл даваад болохгүй гэвэл буцахаар боллоо.
Манай аяллын багт нийт 15 хүн явсанаас 60-70 насны 3 ээж,насанд хүрсэн 3 бүсгүй,3-14 насны 5 хүүхэд,насанд хүрсэн 4-хөн эр хүн байлаа. Эмэгтэйчүүддээ дөт боловч жаахан шавартай замаар явна гэж л хэлсэн болохоос өөр нарийн ширийн юм ч хэлсэнгүй.Бодит мэдээллийг өгчихвөл олонхийн хүчээр бид 4 эрийн БАРБАРААС төлөвлөгөө нурж мэднэ гэж болгоомжилсон хэрэг.Гэхдээ яг үнэндээ бодит мэдээлэл гэх зүйл бид нарын хэнд ч байгаагүй л дээ.Би дотроо Жиглэгээр давна гээд бараг шийдчихсэн боловч замын нөхцөл, байдлын талаар зарим мэдээлэл тухайлбал хэр их шавартай, үргэлжилсэн их шавар уу? хэсэг хэсэг шавар уу? өгсөхдөө юу, орой дээрээ юу? уруудахдаа юу? г.м олон асуулт хариултаа хүлээж байлаа.
2013-07-15-ны өглөө цай,ундаа уучихаад аажуухан 11.00 цагийн үед баазаасаа хөдлөв.Ямар айхтар намаг,шавар хүлээж байгааг төсөөлөх ч завгүй зураг хөрөг авсан шиг,бууж суусан шиг ёстой л нэг тааваараа хөдөллөө. 12.00 цагийн үед “Харуул занги” хэмээх Хилийн цэргийн амралтанд ирэв.Би Рэнчинлхүмбийн хүмүүсийг сураглахаар буулаа. Базын маань ээж Хилийн цэрэгт ажиллаж байсан хүн болохоор таньдаг хүн тааралдаж юу магад хэмээн хамт буулаа.
Хижээл насны нэг хүн 2,3 залуутай юм ярилцан сүүдэрлэж байхтай нь тааралдаж,мэнд мэдэн хэрэг зоригоо дуулгаад тэдгээр хүмүүс бүгд Рэнчинлхүмбийнх болохыг мэдэв.Тэднээс Жиглэгээр давж болох эсэхийг асуухад “Ямар машинтай юм бэ?” гэж байна. “Ландкруйзер-105” гэлээ.“Хэдэн машин юм бэ?” л гэж байна.“2 машин” л гэлээ. Тэгтэл бүгдээрээ л “За та нарч давахгүй дээ, энэ талаасаа машин давдаггүй юм.3 жилийн өмнө бартаат замын аялалын баахан машин давсан,Дэм дэмэндээ л гарсан байлгүй,та нар 2 машинтай барахгүй дээ,тэргээ эвдээгүй дээрээ буцсан нь дээр” гэв.Би ч амархан буцчихмааргүй санагдаад “Ойрд бороо орсонгүй,шавар нь гайгүй эвэрчихсэн юм биш биз дээ?” гэхэд бүгд дооглонгуй инээлдэж “Жиглэгийн шавар бороотой,бороогүй,нартай,наргүй,өвөл,зунгүй байж л байдаг харин ч нэг мөнх цэвдэг дээ,байдгаараа л байж байгаа” гээд жуумалзацгаав.
Би “Тэр шавар нь аль хавьцаанаа байдаг юм бэ? гэж асуулаа. “За даа дунд хэрээсээ эхлээд л хаа сайгүй дээ,өгсөж байхдаа ч байгаа,орой дээрээ ч байгаа,уруудаад ч байгаа.Хэсэг хэсгээрээ ч байгаа, 1-2 км үргэлжилсэн ч байгаа” гэлээ.Би ч дотроо “За даа,нялх нойтон,хөгшин настай хүмүүстэй явж байж хээр сууж баларч байснаас нутгийн хүмүүсийн үгэнд ороод буцдаг ч юм уу дөө” хэмээн бодож байтал нэг нь “Та нарын машин барахгүй ээ,чиний машин байтугай нэг 570 хэд хоногийн өмнө хэрэггүй ээ гээд байхад явчихаад энүүхэн Хар усны рашааны тэнд шавранд сууж машинаа эвдээд, наашаа алхаж ирээд бид нар очиж чирч авчирсан,дурлаад байвал яваад үзэхгүй юу,хээр намганд машинаа эвдээд 3 хоног шавар ухаад үзэх ч сайхан дөө” гэхэд бүгд доогтой нь аргагүй инээлдэв.
Түүний хэлсэн энэ үг яг л “Ирээдүй рүү аялсан нь” киноны Маккуиныг “Чи хулчийгаа юу?” гэхэд нь “Үгүй” гээд л үзчихдэг шиг намайг эргэлт буцалтгүй Жиглэгээр давах шийдвэр гаргахад хүргэв. Ер нь хөдөөнийхөнд байдаг барагтай бол “өө гайгүй,амархан яв яв”гэж хэлдэггүй зан мөн юмыг дэгсдүүлж,сүртэй болгож ярьдаг зэрэг нь санаанд орж “Яадаг ч байсан явна” гэхэд хүргэсэн юм. Хамгийн гол нь хэзээ ч ямарч замд бууж өгч байгаагүй төмөр хүлэгтээ итгэж байлаа.
Би тэдэнд баярласнаа хэлээд “За ямарч байсан тэр их алдартай шаврыг чинь ойрхон ирсэнийх барааг нь харчихаад буцая даа,болмоор бол даваад болохгүй бол эргээд ирнээ” гэхэд “Тэгээ тэг эргэж ирэхдээ алхаж л ирэх байх даа” гээд хөхрөлдсөөр үлдэв.
Машин руугаа алхах хооронд нөгөө эгч маань бүүр санаа нь шулуудчихсан “Дөтийг харж дөрөв хононо гэж үг бий,хэдүүлээ тойруугаар нь л явъя,ёстой аймаар газар гэж байгааг сонсов уу?” гэв. Би түүнд “Үгүй ээ эгчээ ойрхон юм чинь шаварных нь захад очиж харчихаад л үнэхээр аймаар байвал буцаад ирж болно шүү дээ” гэхэд санаа нь амран “За за нээрээ ч тийм дээ” гэлээ.
Ингээд алдарт Жиглэгийн давааг давахаар манай баг Харуул занги амралтын газраас 13.00 цагийн үед хөдлөв.Дархан цаазтай тусгай хамгаалалтын газрын хаалтанд тулж очин хамгаалагчид нь Рэнчинлхүмбэ рүү явж байгаагаа хэлж нэвтэрлээ.Түүнээс цааш тааралдсан газар бол үлгэрийн юм шиг сайхан байгалтай,онгон зэлүүд яг л уран зураг шиг байлаа.Яг дүрслэн хэлэхэд миний бичих авьяас даанч хүрэлцэхгүй нь.Гагцхүү үүнийг уншигч та өөрийн нүдээрээ л харсан нь хамаагүй дээр.Очиж үзсэн нэг нь “Үнэхээр тийм” хэмээн санал нэг байгаа гэдэгт би итгэлтэй байна.Зарим газраа нуурын ус зам руу түрж ороод,зарим газраа зам асар өндөр эрэг дээгүүр яваад л нуур тээр доор гүн газраа хөхрөөд,гүехэн газраа цайраад яг л далай шиг…Бид ч сэтгэл хөөрөөд энд ч гоё газар байна бууж зураг авъя,тэнд ч авахуулая гэсээр ямар газар хүлээж байгааг ч төсөөлөх завгүй алгуурхан урагшилсаар…
Хөвсгөл далайн эргээр явсаар байгаад зам огцом баруун тийш эргэж нэгэн уул руу хөтөлсөн нь алдарт Жиглэг уулын бэл байлаа.15.30 минутын үед Жиглэгийн бэлд ирж халуун зунаар ил задгай байх зузаан мөс, дундуур нь харзлан урсах уулын гол зэргийг харж сэтгэл баясан хэсэг саатав.
Гэтэл зам болон машин тэрэгний мөр огт харагддаггүй.Зөв ам руугаа орсон эсэхдээ ч эргэлзэв.Яах аргагүй л салаа биш ганцхан зам хөтөлсөөр байгаад л энд авчирсан тул цааш явахаар боллоо.Ингээд голын хайрга, сайр,мөсөн дээгүүр зугуухан хөдлөх мөчид 16.00 цаг болж байв.
Эхэндээ шавар байх шинжгүй дан хайрга, сайр, том том чулуунууд тааралдаж байснаа уул өгсөх тусам мод,бут шигүү болж замтай замгүй нь мэдэгдэхгүй байгаа нь үнэхээр л үүгээр хүн мал,машин тэрэг явдаггүй болохыг илтгэх мэт.Машин дотор дор бүрнээ л хэзээ нөгөө их үргэлжилсэн айхтар шавар нь гарч ирэхийг хүлээх мэт нам гүм.Гагцхүү төмөр хүлгийн маань моторын дуу жигдхэн хүнгэнэж итгэл төгс урагшилсаар байв.
Өгсөх тусам зам зугуухан өөрчлөгдөж нэг л мэдэхэд бамбалзсан намаг болж хувирлаа.Дайраад л, туулаад л байв.Овоо явж байгаад маш их ачаатай,олон хүнтэй,ARB-р бүрэн тоноглосон миний машин доошоогоо газар цөмрөх мэт л нам суув.Машины станцаар ардаа явсан машиндаа ойртож ирэлгүй зогсож байгаарай гэчихээд буулаа.Машин маань элгээрээ хэвтжээ.Лебедка ажиллуулж намгаас гарлаа.Дүү маань миний суусан намаг руу дайрахаас өөр аргагүй байлаа.Учир нь тойрох ямарч боломжгүй,замгүй байв.Мөн л миний суусанд орж нам суухад нь эргэж хараад лебедкаар татаж гаргав.
Цааш хөдлөөд хэдхэн метр яваад дахиад л тойрох аргагүй битүү намаг.Нэг л их шавар төсөөлөөд байснаас биш ийм айхтар намаг байна чинээ санаагүй бид бууж тал тал тийшээ өөр зам байгаа эсэхийг шалгахаар явцгаалаа.Яагаад ч тойрч гарахааргүй битүү мод,бут эргэн тойронд байгааг мэдсэн бид дахиад л урагшиллаа.Нам гүм хөвч тайгыг хүндрүүлэгчиндээ хийсэн машины моторын өндөр эргэлт цочоон сэргээж урагш зүтгэсээр 2 дах их намгийг хариугүй гардагын даваан дээр дахин суулаа.Лебедка чиглэлийн хувьд ганцхан модонд л яг таарч байсан тул тэр модноос бэхлэв.Гэтэл тэр модонд 5,6 лебедка оосорлож байсан ором байлаа.Тэрхэн зуур дүү нартайгаа Ниссаныхан энд бас л ингээд сууж байсан байх даа гэлцээд машинаа татуулав.Гэтэл нөгөө мод олон удаа татуулаад намагтай бамбалзуур хөрс нь суларчихсан тул өөрөө хажуу тийш налаад машин маань байрнаасаа ч хөдөлсөнгүй.Бид 4 ч дугуйны харалдаа ухаж байгаад мод ивэн замыг нь засч байгаад лебедкараа таттал ашгүй нөгөө мод тэсээд өнгөрлөө.Би ч арай хийн эргэн харж зогсоод арын машинаа мөн л лебедкаараа татан гаргалаа.
Дүүгийн машиныг гаргачихаад маш том алдаа гаргав.Цаг хожих гээд лебедкаа машин дотроосоо эвхтэл дамарнаасаа гараад суларсан тороос нь орооцолдож мотор нь наашаа ч үгүй цаашаа ч үгүй болов.Дахиад хэрэглэхгүй юм шиг ямар гай нь дуудаж эвхсэн юм.Орооцолдоогий нь гаргах гэж нэлээд цаг алдаад яаж ч чадсангүй.Тэгээд л цаашиллаа.Замын бартаа улам ихсэв.Трактор,66 өөр юу ч байсан гарахгүй байх гэмээр битүү намаг,шавар,гүн ухагдсан ховил,унанги мод,тойрох аргагүй саад…
Ээж нар ч буцвал яасан юм бэ? л гэж байна.Одоо буцах оройтсоон,зүгээрээ давчихнаа л гэлээ.Нөгөө Харуул занги дээр хамт бууж тойруугаар нь явбал яасан юм гэж байсан эгч маань машин дотроос харцаараа “Хэлээгүй бил үү?” гэсэн шиг л харж байлаа.Би ч хааяа нэг нөгөө хэдтэйгээ харц тулгарахаараа өөдөөс нь харж инээчихээд л “Адал явдалтай гоё байгаа биз дээ?” гээд л,хүүхдүүддээ “Маша Баавгайгаа үзээд машиндаа сууж байгаарай” гэчихээд л явж байлаа.
Цааш хөдөллөө.Хэзээ дуусах нь үл мэдэгдэх их намаг үргэлжилсээр.Дахиад л суулаа.Лебедка ажиллагаагүй болсон тул энэ удаад цорын ганц аврал ARB-с авсан High Jack байлаа.Гэвч ажиллуулангуут доошоо намаг руугаа талдаа ортол шигдэнэ.Гаргаж ирээд мод ивээд өргөнө,дахиад л шигдэнэ.Энэ үйлдлийг хэд хэд давтаж нэлээд хэдэн мод шигдүүлэн ивж байж машинаа өргөнө.Тэгээд л дугуйн доогуур шургааг ивнэ.Яг энэ үйлдлийг 4 дугуйнд зэрэг давтана.Харин ажил хөнгөвчилсөн нэг зүйл бол хаа сайгүй хөрөөдөж тайрсан шургааг бэлэн байсан нь цаг их хэмнэж байлаа.Бодвол Ниссаны нөхдийн 3 жилийн өмнө хэрэглэсэн шургааг байсан биз.(Боломж гарсан дээр та нартаа баярласнаа илэрхийлэе. smile emoticon )
Ингээд өөрийн машиныг намагнаас гаргаж тавиад дүүгийн машиныг дайруулна.Суухаар нь сунадаг татлагаар суга татаж гаргасаар явлаа. Бартаа улам ихэссээр.Өөрийн машинаа ухаж гаргаж тавиад дүүгийн машинтай ноцолдож бэлэн болгочихоод эргээд өөрийн машин дээр ирэхэд 4 дугуй доош шигдээд хаалга онгойхгүй болчихсон байна гээд бодохоор бас л айхтар намаг байсан шүү.
Энэ байдлаар урагш бага багаар ахисаар л байлаа.Шавар ухаж байхад хүрзээр гишгэхээр намгийн өвс,үндэс орооцолдоод төвөгтэй байсан тул бид 4 гараараа ухсан нь илүү амар байлаа.Сүүлд нь харахад бид 4-ийн гар хуурайшиж хагараад,хумсны арын махнууд сөрдийж арзайгаад,хамгийн зовиуртай нь бүх хумс өндөгнөөсөө үзүүр хэсгээрээ хөндийрчихсөн байж билээ.Ийнхүү шавар ухаж явахдаа байн байн тэнгэр харж нарны багцаа харж байлаа.Дотроо ганцхан зүйлийн тухай бодож байсан нь “Та нар 3 хоног шавар ухаад алхаад ир гэл үү? Яадаг ч байсан хонохгүй л давах юм шүү” гэсэн бодол байв.Энэ бодол улам эрч хүчтэй,хурдан ажиллуулж байлаа.Ямар сайндаа л шумуул үзэж чаддаггүй хүн чинь битүү шумуул байсныг ч анзаараагүй байхав дээ.Эхнэр маань ирээд шумуулны тос түрхэхэд нь “Шумуул байгаа юмуу?” гэтэл “Наад нуруу чинь хар цоохор ,битүү шавчихаж”гэдэг байгаа.Маажаагүй болохоор ч тэр үү,сүүлд нь л лав загатанаж зовоогоогүй шүү,хөөрхий.
Сүүлдээ нар харагдахаа больж эсрэг талын уулын орой дээр тусч буй нарны туяа л харагдах үед амнаас уур гарч тайгын хүйтэн жавар жиндүүлж эхэллээ.Хөл битүү усанд явсаар гутал нэвтэрч шал пал хийгээд л.Ийнхүү 20.00 цагийн үед бид орой дээр нь байх овооны дэргэд ирж ямарч байсан намганд хонуулалгүй давааны оройг харуулсан хангай дэлхийдээ талархан идээ,ундааны дээжээ өргөн хөгшчүүл 70 наслахдаа хараагүй айхтар намаг болохыг ярилцан,залуучууд машины хүчтэйг бахдан хэсэг зогслоо.Гэвч дүүгийн машин бас л аажим аажмаар бамбалзсан өвс рүү шигдэж аль хэдийн зоогджээ.Чирч гаргаад цаашаа хөдөлж 100-д метр яваад л бид баярлах яагаа ч үгүй байгааг ойлгов.Дахиад л намаг,шавар,тойрох аргагүй бартаа. Энэ удаад бүрэнхий болж байгаа тул өмнө туулсан зам шиг машины бяраар зүтгүүлж,суух газраа сууж явах нь эрсдэлтэй тул удаан ч гэсэн суухгүй урагшлах нь чухал байв.Иймд бид залхууралгүй зам болгоноо урьдчилан шалгаж аль хэсгээр нь дайрах,түүнийг амжилттай давлаа гэхэд дараагийнх нь намаг ямар болох зэргийг нягталж явав.Гэвч ерөнхийдөө яаж ч явсан их бага намаг шавар ээлжилж хэзээ ч дуусахгүй юм шиг л үргэлжилж байлаа.
Тэр болгонд намганд суучихаад ухаж байснаас суухаасаа өмнө мод,шургааг овоолж байгаад дээгүүр нь гарч явсан нь илүү амар байсан юм.Энэ мэтээр урагшилсаар түнэр харанхуй ч нөмөрч бид ч дахин сууж шавар ухалгүй алдарт намгийг дуусгав.
Бидний чанх урдаас асар том адил талт гурвалжин уул харлан харагдах нь яг л аварга пирамидын дэргэд ирчихсэн юм шиг үнэхээр сүрлэг сайхан харагдаж байв.Энэ үед бараг 22.00 цаг болж байсан тул голын өндөр эрэг дээр майхан саваа барьж, түүдэг асаан шөлтэй хоол идэн, гутал хувцсаа хатааж өнгөрсөн явдлыг ярилцан,би Шавар замын капитан хочтой болж баахан хөгжилдөж аваад бүгд унтацгаалаа.Уулын голын усанд орж шавар шавхайнаасаа салсан бидний 4 эр ичсэн баавгай шиг л унтсан байх.
Өглөө эрт 5.00 цагийн үед сэрэв.Гэгээ орсон ч өндөр уулын цаанаас нар гарч ирээгүй л байв.Эргэн тойрноо хартал үнэхээр үгээр хэлэхийн аргагүй яг л диваажин гэж ийм байдаг болов уу гэмээр сайхан газар байлаа.Тээр доор өргөн сайран дундуур мушгиран урсах тунгалаг гол,нар тусах өндөр уулс,өвс,ургамал ой модны үнэр гээд л бүгд гайхамшигтай.Би ч доошоо голоо дагаад 2,3 км алхаж байгаад эргэн ирлээ.Ирэхдээ биднээс холгүйхэн байсан Дархан цаазтай газрын тэмдэг болох шонг (бичиг нь уначихсан,яг л хилийн багана шиг харагддаг) нөгөө хэддээ зааж “Бид нар буруу зам руу орчихжээ,хилийн зурваст орчихсон байна,доороос Орос цэргүүд ирж байна” гэж бяцхан тэвдүүлэв.
Бидний хоносон газрын ойролцоо өмнөх аялагчид хөрөөдсөн модыг хагалж түлээ бэлдсэн байсан боловч бид дараа явах яарсан даарсан хүмүүст хэрэг болно хэмээн хүрэлгүй үлдээж өөрсдөө шөнө түүсэн гишүүгээ хэрэглэв.Аажуу тайван хоол,цайгаа идэж уучихаад дүүгийн олсон зам болох ирсэн замаараа буцаад 20-иод метр явж голын сайр луу буусан гарамаар доош бууж тэрхүү сайраа дагасаар Рэнчинлхүмбэ рүү очсон юм.
Ийнхүү санаандгүй байдлаар чиглэлээ өөрчилж Жиглэг гэгч айхтар даваагаар давж үзсэндээ хүн бүр баяртай үлдэж,ярих юмтай,дурсах дурсамжтай болсон доо.Одоо болтол нөгөө 3 настай байсан хүү зусландаа гараад тоглоомон машинаараа шавартай зууралдаж Жиглэгийн даваагаар явж байна гэдэг гэнэ лээ.
Дараа дараагийн Жиглэг рүү аялал хийх гэж байгаа хүмүүст зөвлөхөд дараахь зүйлсийг анхаарч бэлдвэл амжилттай аялахад тань хэрэг болно гэж бодож байна. Үүнд:1.Лебедкатай байх,хэрэв байхгүй бол хамт яваа машин заавал лебедкатай байх. Хэрэв та лебедка байхгүй бөгөөд шинээр тавихаар шийдвэл 9500 lbs бүр боломжтой бол 12000,15000 lbs-ын чадалтайг сонгоорой.Минийх 8000 lbs-тэй байсан бөгөөд арай л хүч муу,чадан ядан ажиллаж байсан.
Нэгэнт таны машин үйлдвэрээсээ 8000 lbs-ын чадалтай бол Татлагын дамарнаас бэлдсэн ч болно.Энэ нь лебедканы моторт ирэх ачааллыг бууруулна.Татлагын дамар хэрэглэх үед лебедканы уртасгагч нэмэлт татлага хэрэг болно. Тухайн үед надад байгаагүй.
Мөн лебедкаа модноос бэхлэхдээ мод хамгаалагч татлагыг ашиглах нь эко аялал хийхэд тустай.
2.Намгийн шаварт хөхөгдсөн машин ердийн татлагаар татаад амжилт олохгүй л болов уу.Би сунадаг татлагатай явсан бөгөөд уян хатан чанартай учир хэрэглэх үед кинетик энерги үүсгэж маш хэцүү газраас ямарч аюулгүйгээр суга татан гаргаж байлаа.
3.Hi-Lift jack X-treme буюу босоо домкрат.Энэ бол бидэнд тус болсон НОМЕР-1 туслагч байлаа.Гэхдээ нэг асуудал бий.Миний бүрэн тоногтой машинд хойд,урд, хажуу дуртай газраасаа өргөж байсан боловч дүүгийн тоноггүй машинд огт хэрэглэж болохгүй байсан тул зөвхөн чирэхээс өөр арга байгаагүй.
Гэвч та хийлдэг домкрат эсвэл дугуйнаас өргөгч дэгээг бэлдсэн байхад болно.
4. Хэдийгээр тэнд шургааг зөндөө байгаа ч зориулалтын ивүүр авч явбал хэрэглэхэд илүү хялбар байх болно.
5. Хэрэв та хойно болон урдаа төмөр хамгаалалт хийгээгүй болон хийж амжихгүй бол өөрийнх нь хуванцар хамгаалалтыг авчихаад явсан нь дээр.
6.Шатахуун,түлш ихээр нөөцөлж ачаагаа нэмээд хэрэггүй л болов уу.Би 50л шатахуун нөөцөлж явсан боловч Хатгалаас дүүргэсэн бак ганц зураас лавхан хасагдаад л давсан.Ер нь бол хүүхдүүд,хөгшид сууж байсан тул бараг байнга нормалдаж АС асаалттай,дээрээс нь мост,хүндрүүлэгч тогтмол хэрэглэж байсан.Гэхдээ та хашир хүн бол нөөцлөх эсэхээ өөрөө шийдээрэй.
7.Машины богино долгионы станц,GPS,дугуй сүвлэгч нөхөөс,компрессор,дугуйн хийний даралт хэмжигч,эмийн сан,шумуулны тос,галын хор,усны гутал гэх мэт бусад зүйлсийг бэлтгэхээ та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.
Би тийм л машин давж чадна,тийм машин давж чадахгүй гэж хэлэхгүй.Хувийн бэлтгэлээ сайн базаасан байхад ямар ч 4Х4 машин давна гэж бодож байна.
Аялалаас ирээд хэдэн найздаа Жиглэгийн тухай яриад бөөнөөрөө дараа явах уу? гэхэд нэгнийх нь ах “Жиглэгийг үзье гэвэл нэг оч,үхэе гэвэл хоёр оч гэдэг даваа шүү” гэхийг сонсоод дахин явах бодлоо орхисон.Магадгүй 48 жил машин барьсан “Бурхан жолооч” аав минь дээрээс туслаж,хэдэн хүүхдүүдийн буян заяа түшиж,Хайрханы лус,савдаг харж үзэн хэдхэн цагийн дотор ямар нэгэн хохиролгүй давсан ч юм билүү? Хэн мэдэх вэ?
Та бүхэн хог хаягдлаа төв суурин газарт зориулалтын цэгт нь хаяж байгаль орчиндоо ээлтэй аялаарай.
Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай!
2014 оны 7-р сарын 1

2 comments:

  1. Сайхан нийтлэл байна. Баярлалаа. Заавал явж үзэх ёстой газар байна даа.

    ReplyDelete
  2. Сайхан сургамжтай, адал явдалтай аялал болжээ. Баярлалаа

    ReplyDelete